“Монголын мэдээ” сонин, 2011.06.03
Сэтгүүлч С.Ууганбаяр
Манай өнөөдрийн “Би Монголоо ингэж хөгжүүлнэ” буланд Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн судлаач, доктор Б.Эрдэнэболор уригдлаа. Германд боловсрол эзэмшсэн энэ залуу “малчид бол үндэсний соёлыг тээгч” хэмээсэн юм.
- Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт өөрчлөлт авчрах цаг болжээ гэх юм. Хоцорсон ч байх, үгүй ч байх?
- Бид хөдөө аж ахуйн хөгжил гэх зүйлийг өнөө хүртэл тодорхойлж ирсэн зүйл нь ердөө дотоодын хэрэгцээг төдөн хувь хангана. Мал төдөн толгойгоор өслөө гэсэн хэдэн тоон үзүүлэлтээр л явж ирлээ. “Атрын III аян” хэрэгжүүлж, үүний үр дүн юун дээр гарч ирж байна вэ гэвэл дотоодын хэрэгцээг гурилаар 100 хувь, төмсөөр 100 хувь, хүнсний ногоогоор 60 хувь хангалаа гэсэн гурван тоо л явж байна. Энэ гурван тоо хангалттай юу гэвэл үгүй. Цаашдаа ингээд явах юм уу гээд олон асуудал бий. Саяхан би хөдөөгүүр явлаа. Хөдөөд цөөн га-д ногоо тарьдаг өрхийн тариачид олон байна. Дунд нь ороод явж байхад тэдний амьдарч байгаа байдал тун бүрхэг. Залуучууд нь цаашид яаж амьдрах вэ гэдгийг ч мэдэх юм алга. Дөнгөж амьжиргаагаа залгуулж явна. Тэгэхээр хөдөө аж ахуйг хөгжүүлнэ гэдэг зөвхөн мал үржүүлэх, тариа ногооны ургацыг дээшлүүлэх биш. Хамгийн гол нь хөдөө аж ахуйг эрхэлж байгаа хүмүүсийн амьжиргааг дээшлүүлэх хэрэгтэй. Ерөөсөө ХАА-н салбарыг хөгжүүлэх биш Хөдөөгийн хөгжлийн бодлого гэсэн цогц бодлого байх ёстой. Ингэхээр “Атрын III аян”-аас тэр хүмүүст наалдсан юм алга.
